Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

2013оны 7сарын 16
39624-26214700УИХ-ын дарга З.Энхболд Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч ноён Такехико Накао тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2013.07.16/ хүлээн авч уулзав. Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгчөөр сонгогдоод удаагүй байгаа ноён Такехико Накао шинэ албанд томилогдсон даруйдаа Монгол Улсад айлчилж буйд нь Улсын Их Хурлын дарга талархал илэрхийллээ.

  Ноён Такехико Накао цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад УИХ-ын даргад хариу талархал илэрхийлээд, төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг  танилцуулав.


Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдөд 2013 оны Улсын Их Хурлынхаврын чуулганы үйл ажиллагааны талаар танилцууллаа.

  Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы хугацаанд улс орны нийгэм, эдийн засгийг тогтвортой байлгах, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, эдийн засаг болон хууль хяналтын эрх зүйн шинэчлэлтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж, ялангуяа үнэт цаас, ипотекийн зах зээл, барилга, дэд бүтэц, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч ажилласны зэрэгцээ цаашид эдийн засгийн суурь хуулиуд, тухайлбал Газрын тухай багц хууль, Татварын орчны хоёр дахь шатны шинэчлэл, Баялгийн сангийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж батлах төлөвлөгөөтэй байгааг Улсын Их Хурлын дарга онцлов.

  Өнгөрсөн 20 жилийн хугацаанд хамтын ажиллагааны хүрээнд Азийн хөгжлийн банк Монгол Улсын нийгэм эдийн засгийн олон салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, дэмжлэг үзүүлж ирсэн хамгийн том түнш гэдгийг Улсын Их Хурлын дарга онцлон тэмдэглээд, Азийн хөгжлийн банк боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн зэрэг салбарт нийт 1,2 тэрбум орчим ам.долларын бодит хөрөнгө оруулалтыг хийсэн нь 1991 оноос хойш Монгол Улсад үзүүлсэн нийт зээл тусламжийн дөрөвний нэг болж байгаа нь үүний нэг бодит жишээ гэлээ.


Мөн өнөөгийн байдлаар Азийн хөгжлийн банкнаас нийт 954.6 сая ам.долларын хөрөнгө бүхий зээлийн50 төсөл, 172.2 сая ам.долларын дүн бүхий буцалтгүй тусламжийн 12 төслийг Монгол Улсад хэрэгжүүлээд байгаа. Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээг хөгжүүлэх төслийг Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэхээр төслийн баримт бичигт гарын үсэг зурсан бөгөөд УИХ-ын намрын ээлжит чуулганаар соёрхон батална гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд дурдаад, хотын шинэ Мэр С.Бат-Үүл Улаанбаатар хотыг ганц цэгт төвлөрсөн биш олон төвтэй болгож тэлж хөгжүүлэхээр ажиллаж байгаа энэ цаг үед энэхүү төсөл тун чухал гэлээ.

   Монгол Улс 2011 оны 8 дугаар сараас эхлэн АХБ-ны зээлдэгч улсын хувьд холимог улсын ангилалд багтаж, тус банкны ердийн эх үүсвэрээс санхүүжих эрхтэй болсон, түүнчлэн олон улсын зах зээл дээр Засгийн газрын бонд арилжаалж эхэлсэн нь манай улсын хувьд эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийх шинэ боломжууд нээгдэж байгаа юм.Монгол Улсын Засгийн газраас улсын хөрөнгө оруулалтын 2014-2018 оны төлөвлөгөөг боловсрууланУИХ-аар батлуулахаар өргөн бариад байна. Энэ хөрөнгө оруулалтын төлөвлөгөө нь улсын төсөв, зээл тусламж, концессийн хэлбэрээр санхүүжүүлэх төслүүдийн жагсаалтыг батална. Монгол Улсын хувийн сектор сүүлийн 10 гаруй жил маш эрчимтэй өсч, манай улсын ДНБ-ний 70 гаруй хувийг үйлдвэрлэж байна. Монголын хувийн компаниуд олон улсын банк, санхүүгийн байгууллага, гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтарч уул уурхай, барилга, үйлдвэрлэл, эрчим хүч зэрэг бүхий л салбарт бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлж байна. Үүний нэг тод жишээ нь эрчим хүчний шинэ эх үүсвэр болох ДЦС-5 /ТЭЦ-5/-ыг барьж байгуулах төслийн санхүүжилтын зээл нь одоогоор хувийн хэвшилд олгогдсон хамгийн том зээл болоод байна. Иймд Азийн хөгжлийн банкны зүгээс манай улсын хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтарч харилцан ашигтай төсөл хэрэгжүүлэх маш өргөн боломж байгаа гэдгийг та бүхэн анхааралдаа авч энэ удаагийн айлчлалынхаа хүрээнд манай хувийн хэвшлийнхний үйл ажиллагаатай танилцаж судлаарай хэмээн захилаа.


Монгол Улсын зүгээс Азийн хөгжлийн банкны тусламж дэмжлэгийг өндрөөр үнэлж, хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгч байгаад талархаж байгаагаа ноён Такехико Накао илэрхийлээд, цаашид Монгол Улсад үзүүлэх санхүүгийн дэмжлэг, тусламжийг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлж ажиллах болно гэлээ. Азийн хөгжлийн банкны тусламж, дэмжлэг бол зөвхөн мөнгөн тусламжаар хязгаарлагддаггүй, бид хуримтлуулсан мэдлэг, туршлагаасаа хуваалцан зөвлөмж өгч ажиллаж байгаа нь ч бас хамтын ажиллагааны чухал хэсэг гэдгийг тэрбээр тэмдэглээд, эрхэм Улсын Их Хурлын даргын хэлснээр Монгол Улсын хувийн хэвшлийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухай санааг бид талархан хүлээн авч байна. Хувийн хэвшлийн салбарт хамтран ажиллахад хууль эрх зүйн орчин маш тодорхой, тогтвортой байх нь чухал юм гэлээ.

 УИХ-ын дарга З.Энхболд уулзалтын төгсгөлд, одоо Монгол Улсад мөрдөж байгаа Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулиудыг шинэчилж, УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэн улам боловсронгуй болгосноор хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн илүү таатай орчин бүрдэнэ гэдгийг Азийн хөгжлийн банкны эрхэм төлөөлөгч та бүхэнд дуулгахдаа баяртай байна гээд ноён Такехико Накаод шинэ албан тушаалд томилогдсонд нь дахин баяр хүргэж, дагалдан яваа хүмүүсийнхээ хамт Монгол орны зуны дэлгэр улирал тохиосон энэ айлчлалынхаа хүрээнд байгалийн сайханд мөн тухлан саатахыг хүслээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.