Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий Ассамблей

2015оны 5сарын 20

ЗҮҮН ХОЙД АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ
СИМПОЗИУМ

145A3935Эрхэм төлөөлөгчид өө,

Азийн залуучуудын зөвлөлийн Ерөнхий Ассамблейн үеэр Зүүн хойд Азийн залуучуудын симпозиум зохион байгуулж байгаад баяртай байна. Энэ арга хэмжээ бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн дэвшүүлсэн, Зүүн хойд Азийн орнуудын хамтын ажиллагааны механизм бий болгох зорилготой «Улаанбаатарын диалог» санаачилгыг хэрэгжүүлэхэд залуучуудын оролцоо, санаачилгыг идэвхжүүлэх ач холбогдолтой гэж бодож байна.

Эрхэм төлөөлөгчид өө,

Зүүн хойд Ази манай тивийн бусад дэд бүс нутгуудаас ялгарах нэг онцлог нь өөрийн гэсэн яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны механизм байхгүй, тийм механизм байгуулах оролдлого, санаачилга олон гарсан боловч хэрэгжиж чадаагүй явж ирсэнд оршиж байна.

Миний бие Гадаад харилцааны сайд байхдаа аливаа шинэ механизм бий болгоход дан ганц төр засгийн газрын түвшинд ажиллах нь хангалтгүй юм байна гэж дүгнээд, «Улаанбаатарын диалог» санаачилгыг ажил хэрэг болгохын тулд илүү прагматик хандлагаар ажиллаж эхэлсэн.

Тухайлбал, бид 2013 онд Зүүн хойд Азийн эмэгтэй парламентчдын форум, 2014 онд ЗХА-ийн хотын дарга нарын форум, эрдэмтэн судлаачдын симпозиум зэргийг санаачлан, Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан. Дээрх арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж байхаар ЗХА-ийн орнуудын холбогдол төлөөлөгчид санал нэгтэй шийдвэрлэснээс үзэхэд ийм прагматик хандлага илүү үр дүнтэй болох нь нотлогдлоо.

Залуучуудын энэхүү симпозиум дээрх цуврал арга хэмжээнүүдэд бас нэг чухал бүтэц нэмж байгаагаараа ач холбогдолтой болж байна.

Өнөөдрийн залуучууд бол маргааш улс орныхоо төр засаг, бизнес эдийн засаг, нийгмийг авч явах гол хүч нь. Иймд Зүүн хойд Азийн хамтын ажиллагааны механизмын суурь тавьж буй энэ үед та бүхэн эхнээс нь идэвх санаачилгатай оролцоод явбал энэ үйл явц тогтвортой өрнөж, амжилтад хүрэх нь дамжиггүй.
Эрхэм төлөөлөгчид өө,

Монгол бол Азийн орнууд, түүний дотор Зүүн хойд Азийн бусад бүх оронтой найрсаг харилцаатай, харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлж байгаа улс.

Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон Японы ард иргэд, төр засаг, олон нийт, бизнесийн төлөөлөгчид Улаанбаатарт чөлөөтэй ирж зочилдог.

Ийм ч учраас ЗХА-ийн хоорондоо маргаантай зарим нэг улс орон асуудлаа шийдвэрлэх хоёр талын уулзалт, яриа хэлэлцээгээ Улаанбаатарт хийх сонирхол нэмэгдэх болсон.

Монгол Улсын Засгийн газар ч ийм нөхцөл бололцоогоор хангаж дэмжих бодлого баримтлан ажиллаж байна.

Цаашдаа хоёр талын төдийгүй, олон талт яриа хэлэлцээ явагдах хамгийн тааламжтай нэг гол газар бол Монгол Улс болох нь тодорхой гэж бодож байна.

Эрхэм төлөөлөгчид өө,

Зүүн хойд Азийн аюулгүй байдал, хамтын ажиллагааны механизм бий болгоход бидний 6 улсын хоорондын итгэлцэл юуны өмнө чухал.

Монгол Улс бусад 5 оронтой бүгдтэй нь хоёр талын түвшинд харилцан итгэлцэж ажилладаг. Харин нийт 6 улсыг нэгтгэсэн итгэлцэл бий болгоход юу хэрэгтэй вэ?

Юуны өмнө бидний санал нийлж буй асуудлууд, чиглэлээр хамтран ажиллах замаар итгэлцлийг өргөжүүлэх нь чухал. Парламентчид, хотын дарга нар, эрдэмтэн судлаачид, залуучууд, тамирчид гээд ЗХА-ийн орнуудын хамтран ажилладаг сувгууд бий болж эхэлж байна.

Тогтвортой хөгжил, байгаль орчин, гамшгаас сэргийлэх, соёл урлаг, шинжлэх ухаан, спорт, эрүүл мэнд гээд бидний санал нийлдэг, хамтран ажилладаг олон салбарыг жагсааж болно.

Итгэлцлийг нэмэгдүүлэхийн тулд хэн нэгэн улс үндэстний эсрэг чиглэсэн сөрөг мэдээллийг дэвэргэхгүй байх явдал чухал гэж бодож байна. Монгол Улс ийм бодлого баримталдаг.

Зүүн хойд Азийн орнууд бие биенээ ойлгож ажиллах нь чухал. Манай 6 орон нийгэм-эдийн засгийн харилцан адилгүй орчин, хөгжлийн өөр өөр түвшинд явж байна. Иймд бүх улсад нэг стандартаар хандах нь учир дутагдалтай.

Бид бусдын өөр санал бодол, өөр хүсэл эрмэлзлийг ойлгож хүндлэх нь зүйд нийцнэ.

Гэхдээ энэ бүх өөр өөр үзэл бодол энх тайван, аюулгүй байдалд заналхийлэхгүй байх ёстой гэдгийг мартаж болохгүй.

Эрхэм залуучууд аа,

Өнөөдрийн бидний санаачлаад байгаа Зүүн хойд Азийн хамтын ажиллагааны механизмыг бүрэн бүтээн босгох үүрэг та бүхэнд ногдож магадгүй.

Иймээс ийм механизм бий болгоход чиглэсэн «Улаанбаатарын диалог» санаачилгыг анхааралтай судалж, сайжруулан урагшлуулах талаар идэвхтэй ажиллах нь та бүхний ашиг сонирхолд нийцнэ гэж бодож байна.

«Улаанбаатарын диалог» санаачилга бол Зүүн хойд Азийн нийт 6 орны өмч, бидний нийтлэг хүсэл эрмэлзлийн илэрхийлэл байвал сая амжилтад хүрнэ.

Залуучууд та бүхэн ирээдүйд улс орноо цэцэглүүлэн хөгжүүлж, бизнесээ амжилттай болгохыг хүсч байгаа бол өнөөдрөөс Зүүн хойд Азид энх тайван, аюулгүй байдал, итгэлцлийг бэхжүүлэхийн төлөө ажиллах ёстой.

Учир нь «Азийн зуун» гэгдэх болсон 21 дүгээр зууны хөгжлийн гол хөдөлгөх хүч, түлхүүр нь Зүүн хойд Азид, та бидэнд, залуучууд та нарт байна.

Ахмад үе нь залуучууддаа, залуучууд нь ирээдүйн үр хүүхэддээ илүү сайн сайхан нөхцөл бололцоо бий болгож үлдээх нь Зүүн хойд Азийн орнуудын тогтвортой хөгжлийн утга учир нь юм.

Симпозиумын ажиллагаанд амжилт хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.